Монос Хүнс ХК III улиралд 3 брэндийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлж, ТУЗ-д үр дүнгээ тайлагналаа

Монос Хүнс ХК III улиралд 3 брэндийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлж, ТУЗ-д үр дүнгээ тайлагналаа

2026.11.05

Гүйцэтгэх захирал А. Отгондарь эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолтой цаг үед Монос Хүнс ХК-ийн баг хамт олон 2026 оны III улиралд борлуулалтын төлөвлөгөөг 101%, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 110%-аар  тус тус биелүүлж, зорилтот ашигт ажиллагаа хангаж ажилласнаас гадна Экос изотоник ус, Крафт цайны 2 төрөл, Витос 500 дархлаа дэмжих ундаагаа үйлдвэрлэж борлуулж эхэлсэн үр дүнгээ хуваалцлаа. 


Мөн Монос Хүнс ХК нь 2026 онд эрсдэлийн удирдлагыг олон улсын стандартын зарчимд нийцүүлэн хэрэгжүүлж 3-р улирлын байдлаар 7 ангиллын 71 эрсдэлийг магадлал, нөлөөллийн үнэлгээгээр тогтмол хянаж, эрсдэлийн бүртгэлээ цахим системд шилжүүлэв. III улирлын үнэлгээгээр эрсдэлийн ерөнхий төлөв I хагас жилтэй харьцуулахад тогтвортой байж, 3 эрсдэлийн үнэлгээ хяналтын арга хэмжээний үр дүнд буурсан бөгөөд гадаад орчноос үүдэлтэй түүхий эдийн үнэ, нийлүүлэлтийн эрсдэлд нөөц бүрдүүлэх, нийлүүлэгчийг төрөлжүүлэх замаар анхаарч ажиллаж байгааг танилцуулав. 

ТУЗ-ийн гишүүн Д. Энхжаргал: "Хүний нөөцийн бодлого сайн хэрэгжиж байгаа ч мэргэшсэн боловсон хүчний өрсөлдөөн эрчимжиж буй энэ цаг үед бид ч мөн адил стратегийн хүрээнд бодлогоо улам боловсронгуй болгож байнга сайжруулж анхаарахыг зөвлөв.



ТУЗ-ийн дарга Х. Ананд: "Цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран эрсдэлээ тооцож, оновчтой төлөвлөж, борлуулалтын төлөвлөгөө болон ашиг, орлогын үзүүлэлтээ тогтвортой байлгаж, улирал бүр онцлох амжилт, өсөлт үзүүлж буй хамт олонд баяр хүргэе" хэмээн хурлыг өндөрлүүллээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд