“Энхжин” цай нь биеийг эрүүлжүүлэн тэтгэх гайхамшигт увидастай
2021.06.07
Сүүлийн үед эмийн ургамалтай, эмчилгээний зориулалттай цайг Ази, Европын орнуудад өргөн хэрэглэдэг болжээ. Монголчууд ч бас гадаад, дотоодын цайг өргөн хэрэглэдэг болсон байна. Тиймээс энэ удаа бид эмийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Монос Хүнс” компанийн “Энхжин” цайны талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Хүйтэн сэрүүний улиралд бид бөөр хамгаалах, дархлаа дэмжих, уушги цэвэршүүлэх цайг хэрхэн хэрэглэх вэ? Энэ тухай “Монос” Эм судлалын хүрээлэнгийн Эмийн химийн секторын эрхлэгч, биологийн ухааны доктор С.Бадамцэцэгтэй ярилцлаа.
“Монос Хүнс”-ынхэн 8 төрлийн “Энхжин” цайг үйлдвэрлэн гаргаж байна
- “Монос” бол эрүүл мэндийн салбарт олон чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нэвтрүүлсэн тэргүүлэгч байгууллагуудын нэг. Одоо манайхан “Энхжин” цайг хараад дийлэнх нь “Монос Хүнс”-ын бүтээгдэхүүн гэж таньдаг болсон байна. Харин ургамлын гаралтай эдгээр цайг хэрэглээ талаас нь мэдэж, хэрэглэдэг хүн цөөхөн байж мэднэ.Тиймээс энэ удаа “Энхжин” цайны талаарх олон сонирхолтой мэдээллийг уншигчиддаа хүргэхийг зорьж байна. Ярилцлагынхаа эхэнд таны энэ байгууллагатай холбогдсон түүхийг сонирхъё?
- Би биотехнологич, биохимич мэргэжилтэй. “Монос” группт 10 дахь жилдээ ажиллаж байна.“Энхжин” цайны судалгаан дээр ажиллах ховорхон хувь надад санаандгүй тохиосонд баярлаж явдаг юм. Би “Монос” группд ажилд орохоосоо өмнө ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэнд, Биохимийн секторт ажилладаг байсан. Тэр үед манайд “Монос”-оос “Энхжин” цуврал цайны стандартыг батлуулж, химийн шинжилгээг нь хийлгэх захиалга Бадамханд багш дээр минь ирсэн байсан. Шинэ, залуу хүний хувьд ийм том ажил орж ирсэнд их л баяртайгаар хүлээн авч, “Монос” группийнхэн болон Эм судалгааны хүрээлэнгийн хамт олонтойгоо олон судалгаа шинжилгээн дээр хамтран ажиллаж, “Энхжин” цайг үйлдвэрлэх ажилд гар бие оролцож, стандартыг нь анх батлуулж байлаа.
Тэр үед химийн чиглэлээр стандартынх нь ажлыг хариуцан хийж байсан. Түүнээс хойш “Монос” групп гэдэг их айлд ажилд орж, “Энхжин” цайныхаа судалгаан дээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
- Одоо хүйтэн сэрүүний улирал эхэлж байна. Ханиад томуу ч элбэгших хандлагатай байна. Энэ өдрүүдэд уушги цэвэрлэх, дархлаа дэмжих, бөөр хамгаалах үйлчилгээтэй “Энхжин” цайны төрлүүдээс хэрхэн хэрэглэх вэ. Магадгүй, эдгээр цайны борлуулалт улирлын онцлогоо дагаад бас өсдөг байх?
- Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс ханиад томуу тусах нь элбэгшдэг. Харин энэ үед химийн аргаар гаргаж авсан элдэв эм хэрэглэхийн оронд хоол хүнс, эмийн ургамлуудаар өөрийгөө эмчилж эрүүлжүүлдэг хүмүүс олон болжээ. “Энхжин” цайны хувьд, яах аргагүй таны хэлсэнчлэн уушги цэвэрлэх, бөөр хамгаалах, дархлаа дэмжих цайны маань улирлын чанартай худалдан авалт бас ихэсдэг.
Манай монголчууд зун бараг өвчин хэлдэггүй, дийлэнх нь аялал зугаалга, рашаан сувилал, хорхог боодог гээд явчихдаг. Харин намрын сүүл сар, хүйтний улиралд илүү өвчлөмтгий болдог. Энэ нь манай орны уур амьсгалтай холбоотой байх. Нөгөөтэйгүүр, цаг үеийн байдлаасаа шалтгаалаад агаарын бохирдол ихтэй байх, хүйтэн сэрүүн өдрүүдэд ханиад томуу элбэгших зэрэг шалтгаанаар “Энхжин” цайг хувь хүнийхээ биеийн онцлогт тохируулан хэрэглэдэг хүмүүс ч олон байдаг. Ялангуяа, өвлийн улиралд, уушги цэвэрлэх, дархлаа дэмжих, бөөрний цайг уух хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Энэ нь манай уур амьсгалын онцлогтой холбоотой байх.
Эзэгтэй нарт зөвлөх эрхэм гурван цай
- Монголчууд эрт дээр үеэс эмийн ургамлыг цайнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Бөөр өвдөхөд тэхийн шээг, ходоод гэдэс хямрахад таван салаа, ханиад томуу хүрэхэд аньс, чацарганаа хандлаад уучихдаг байсан. Харин сүүлийн үед танай дархлаа дэмжих цайг хүмүүс өргөн хэрэглэдэг болсон байна лээ. Зарим байгууллагын оффисын ширээн дээр харагдаж байдаг?
- Монголчууд “Загасгал” гэдэг ургамлыг сайн мэднэ. Энэ ургамал манай дархлаа сэргээх цайны гол найрлага байдаг. Энэ бүхнийг яагаад заавал цай хэлбэрт оруулаад байгаа юм бэ гэхээр хүмүүс маань цай ч бай, эм ч бай, хоол хүнсийг зохисгүй хэрэглээд сурчихсан байна. Бас тэр, энэ өвчинд сайн гээд бие биедээ их зөвлөдөг. Үүнийг уугаад эрүүл болж гэнэ ээ гэж ярьдаг. Өөрсдийгөө дураараа, таамгаар эмчлэх гэж оролддог. Энэ нь эргээд эрүүл мэндэд хор уршигтай гэдгийг мэддэггүй. Тэр дураараа хэрэглээд байгаа ургамал дунд нь хүний биед хоруу чанар, сөрөг нөлөө ихтэй ургамлууд ч байдаг. Тиймээс тэдгээр ургамлуудад судалгаа хийгээд, өдөрт ямар тунгаар, ямар хэмжээтэй уувал тохиромжтой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж шинжлээд, шаардлагатай туршилтуудыг хийгээд, тохирсон тун хэмжээгээр нь савлаад хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн бол “Энхжин” цай юм. Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай, чанарын баталгаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ заавар, зөвлөмжийнх нь дагуу зөв хэрэглэж чадвал энэ нь зөв зохистой хэрэглээ болж чадна.
- “Энхжин” цай дотроо олон төрөл байдаг. Тэгвэл цай тус бүрийнх нь хэрэглэх заавар өөр байдаг уу. Жишээ нь, гэртээ сууж байгаа ахмад настнууд, оффисын ширээний ард сууж байгаа хүмүүс бөөрний болон дархлаа дэмжих цайг яаж хэрэглэх ёстой вэ. Та ерөнхий нэг чиг, ойлголт өгнө үү. Магадгүй, энэ талын мэдлэг мэдээлэл дутмаг учраас манайхан энэ цайны үр дүнг төдийлөн гаргаж чаддаггүй байж мэднэ?
- Дан ганцхан цай гэлтгүй манайхан сүү, тараг, хоол хүнс, эм антибиотик гээд бүх л зүйлийнхээ хаяг шошгон дээр байгаа заавартай сайн танилцаж байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн тус бүр нь өөрийн гэсэн үйлдэлтэй, өөр шинж чанартай байдаг. “Энхжин” цайны хувьд ч мөн адил. Дархлааны цайг биеийн дархлаагаа дэмжих зорилгоор өдөрт гурван удаа хандалж уух хэлбэрээр, гурван сарын турш хэрэглэнэ. Эдгээр цайны туршилт судалгаа, шинжилгээ нь маш удаан хугацаанд хийгдсэн бөгөөд фармакологи буюу амьтан дээр хийсэн туршилтууд нь үр дүнгээ өгсөн учраас урт хугацаагаар уухад хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдийг тодорхой зөвлөсөн. Гэхдээ ямар ч төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд хэрэглээд хэсэг завсарлаад дахин хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
- Айл гэрийн менежерүүд бол эмэгтэйчүүд, эзэгтэй нар байдаг. Тэдэнд зориулаад та зөвлөгөө өгөөч. Ургамлын гаралтай цайг бид хүнсний болон эмчилгээний, урьдчилан сэргийлэх зориулалттай гэж ангилдаг. Эдгээрээс эмийн ургамалтай, эмчилгээний цайг бид яагаад хэрэглэх ёстой вэ?
- Сүүлийн үед Ази, Европын орнуудад төрөл бүрийн үйлчилгээтэй цайг хийж, өргөн ашиглаж байна. Би Чехд докторын зэргээ хамгаалаад ирсэн. Тэнд сурч амьдарч байх хугацаанд тухайн улс орны хүмүүс эмийн ургамалтай цайг их өргөн хэрэглэдэг, ач холбогдол өгдөг болохыг анзаарч харж байлаа. Тэгээд манай Монголчууд ч гэсэн ийм зөв хэрэглээтэй болоосой. Өвдсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлдэг байгаасай гэж боддог байлаа. Гэхдээ манай ард түмэн эрүүл мэндэд ач холбогдол бүхий эмийн ургамлуудыг үйлдэл, үйлчилгээгээр нь цайнд хэрэглэж ирсэн арвин туршлагатай. Тиймээс “Энхжин” цайны төрлүүдэд эм судлалын хүрээлэн талаасаа хамтарч ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Нэгэнт урьдчилан сэргийлэх зорилготой эмчилгээний цай ярьж байгаа учраас дархлаа дэмжих “Энхжин” цайны талаар товчхон зөвлөгөө өгье. Хүний биеийн дархлааны систем маш нарийн тогтолцоотой. Буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, ажлын ачаалал зэрэг нь дархлааг амархан алдагдуулдаг. Дээрээс нь хүйтний улирал эхэлж байгаа энэ үед бидний дунд ханиад томуу элбэгших, эмийн хэрэглээ ихсэх хандлага ажиглагддаг. Мөн зарим хүмүүс элдэв зүйлд харшламтгай болдог. Харшлыг бид дархлаа суларсантай холбон ойлгодог ч угтаа бол дархлааны гажуудал юм. Учир нь харшилд ямар нэг өвчин үүсгэгч халдвар байдаггүй. Харин аливаа гадны биетийн эсрэг хүний өөрийн дархлааны систем хэт мэдрэгшин хариу урвал үзүүлэх үед харшил үүсдэг. Тэгвэл дархлаа дэмжих “Энхжин” цай нь дархлааг зүгшрүүлэх үйлчилгээтэй байдаг.
Би элэг хамгаалах цайг өдөр бүр ууж хэрэглэхийг илүүд үздэг
- Таны хувьд “Энхжин” цайны төрлүүдээс алийг нь түлхүү хэрэглэдэг вэ?
- Би элэг хамгаалах “Энхжин” цайг өдөр бүр ууж хэрэглэхийг илүүд үздэг. Яагаад гэвэл, орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдөж, нойр хоолны дэглэм алдагдах, зохисгүй хооллолт, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэн элэгний өвчлөл ихсэж байна. Мөн бид бохир агаараар амьсгалж байна. Идэж ууж байгаа хоол хүнс эрүүл бус байна. Иймээс элгээ хайрлаж, хамгаалж байх хэрэгтэй. Элэг бол цус төлжүүлэх, хоол боловсруулах гол эрхтэн төдийгүй хор шүүх биологийн том лаборатори байдаг. Тиймээс миний хувьд, элэг хамгаалах цай, дархлаа дэмжих “Энхжин” цайг өдөр бүр хэрэглэхийг илүүд үздэг. Элэг хамгаалах “Энхжин” цайны найрлага нь олон төрлийн биологийн идэвхт бодисоор баялаг юм. Эдгээр нь бие махбодыг хоргүйжүүлэх, элэгний эсийг гэмтэл задралаас хамгаалах, тайвшруулах , даралт бууруулах үйлчилгээг үзүүлдэг. Энэ цайг элэгний бүх төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэхэд тохиромжтой.
Эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн
- Эмийн ургамлын тариалалт тун нарийн технологитой байдаг байх. Дээрээс нь эх орны хөрсөнд ургасан ургамал учраас найрлага болоод чанар, үйлчилгээний хувьд бусдаас арай илүү байдаг байх?
- Тэгэлгүй яахав, “Энхжин” цайны хувьд яг Монгол эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан эмийн ургамал байдаг. Тийм учраас цаг уурын онцлог нөхцөл, хөрсний үржил шим гээд бусад оронд ургасан ургамалтай харьцуулахад агуулагдаж буй үйлчлэгч бодисын хэмжээ арай өндөр, үйлчилгээний шинж чанар нь илүү давамгай байдаг. Монос групп хотоос зайдуу эмт ургамлын ботаник цэцэрлэгтэй. Тэндээ ховор ургамлын генофондыг хадгалах зорилгоор бүтээгдэхүүндээ хэрэглэдэг ургамлуудаа тарималжуулдаг. Түүнээс гадна үйлдвэрийн нөхцөлд ашиглаж байгаа ургамлуудаа тусгай талбайд тарьж ургуулаад хурааж авдаг. Жишээ нь, булцуут цэцгийн цай бол Монголд ургадаггүй ургамал. Тиймээс эх орондоо тарьж ургуулаад, Монголдоо нутагшуулаад энэ цайндаа хэрэглэдэг гэх мэтчилэн нарийн технологиудыг баримталж ажилладаг. Энд нэг зүйлийг онцлоход, эдгээр ургамлын алинд ч хортон шавжаас хамгаалах пестицид зэргийн хортой бодис цацах, элдэв хөрсний бордоо ашигладаггүй гэдгээрээ илт давуу ялгардаг. Нөгөөтэйгүүр, нэг цайг үйлдвэрлэн гаргахад “Монос” группийн маш том баг хамт олны олон жилийн нөр их судалгаа шинжилгээ, фармакологи туршилтууд хийгдэж, үр дүн, чанар стандартыг нь маш нарийн батлан гаргадаг учраас хэрэглэгч таны гар дээр очих сав баглаа боодол, жин тун гээд бүх зүйлийг нарийн тооцоо судалгаатай хийсэн байдаг юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
- Ярилцлагынхаа төгсгөлд дахиад нэг зүйлийг онцолж асууя. Сүүлийн үед сүлжээний бизнес дагасан ургамлын гаралтай бүтээгдэхүүн их гардаг болжээ. Буух эзэнгүй, буцах хаяггүй бүтээгдэхүүн хэрэглээд “Хордлоо, харшил хөдөллөө” гэсэн гомдол ч тасардаггүй. Тиймээс “Монос” компанийн “Энхжин” цай эдгээр бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу талуудыг нь та дахин дурдаач?
- “Энхжин” цайны хувьд ургамлын түүхий эд, тариалалтаасаа эхлээд бусдаас ялгарах онцлог зүйлс маш их. Жишээ нь, ботаникийн цэцэрлэгт эдгээр эмийн ургамлыг мэргэжлийн агрономичид хэрхэн тарьж ургуулж, усалж тордож, тарьмалжуулж байгаа арга технологи нь хүртэл өөр байдаг. Мөн хэдийд тарьж, хэдэн сард хэдэн настайд нь хурааж авах вэ гээд химич, микробиологчдийн маань судалгаа шинжилгээ, стандарт хүртэл өөр байдаг. Тухайлбал, эмийн ургамлынхаа үр дүнг амьтан дээр турших ажлыг манай фармакологийн хүрээлэн хийж, хоруу чанар болоод хэрэглэх зааварыг нь тодорхойлдог. Үүний дараа технологийн судалгаануудыг хийнэ. Ямар савлагаатай байх вэ. Хэдий хэр усанд ямар хугацаагаар хандалж уувал үр дүнгээ өгөх вэ гэдгийг технологичид маань маш нарийн судална. Бэлэн бүтээгдэхүүн болоод гарч ирэхэд стандартын судалгааг нь манай эмч нар, чанарын хяналтын албаныхан, микробиологчид маань хийж, хяналт тавьж ажиллана. Бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхдээ ямар сав баглаа боодолтой хүргэвэл чанараа алдахгүй байх вэ гэдэг тал дээр маркетингийн албаныхан анхаарна. Энэ мэтчилэн “Энхжин цай хэрэглэгч таны гар дээр очихдоо 10 гаруй шат дамжлагуудыг дамжин хүрдэг. Мөн энэ бүтээгдэхүүний ард таны эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй “Монос” группийн маш том баг ажиллаж байдаг учраас “Энхжин” цайг та тогтмол ууж хэрэглээрэй. Үр дүн болоод чанарт нь битгий эргэлзээрэй. Ургамлын гаралтай цайг зөв сонгож, зөв хэрэглэж чадвал “Энхжин” цай таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, эрүүлжүүлэн тэнхрүүлэх гайхамшигт увдистай шүү гэдгийг онцлон хэлмээр байна.
Ярилцсан: Б.ТУУЛ
Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа
asdasd
asdasdasd